"БИДНИЙ НҮДЭЭР ХҮЛЭРТ НАМГАРХАГ ГАЗАР" СЭДЭВТ ГАР ЗУРГИЙН БОЛОН "ХҮЛЭРТ ГАЗРЫГ АВРАХ МИНИЙ АЛХАМ" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Жил бүрийн 06 дугаар сарын 02-нд тэмдэглэгддэг "Дэлхийн Хүлэрт Газрын Өдөр" нь хүлэрт экосистемийн үнэ цэнийг олон нийтэд таниулах, тэдгээрийг хамгаалах, нөхөн сэргээхэд уриалсан олон улсын байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааны чухал хэсэг билээ. Энэхүү өдрийг Олон улсын хүлэрт газрын нийгэмлэг (IPS) 2019 онд санаачилсан бөгөөд хүлэрт газар нь дэлхийн хуурай газрын ердөө 3 хувийг эзэлдэг ч уур амьсгалын тогтвортой байдал, нүүрстөрөгчийн шингээлт, усны нөөцийн зохицуулалт, биологийн олон янз байдлын хувьд үнэлж баршгүй чухал үүрэгтэй хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Монгол Улсад хүлэрт намгархаг газар нь Хөвсгөл, Булган, Архангай, Хэнтий зэрэг манаЙ орны хойд бүсийн уул, тайгын сав газруудад хүлэрт нуга, намгархаг газар өргөнөөр тархсан бөгөөд эдгээр экосистем нь нүүрстөрөгчийн байгалийн агуулах, мөнх цэвдэг болон усны эх үүсвэрийг хамгаалах, бэлчээрийн экосистемийг тэнцвэржүүлэх байгалийн тогтолцоо юм. Гэвч сүүлийн жилүүдэд хэт газар ашиглалт, дулаарал, цөлжилт, хуурайшилт зэргээс үүдсэн цэвдэг хайлах үйл явц эрчимжсэнээс хүлэрт газрын доройтол хурдацтай нэмэгдэж, энэхүү экосистем нь уур амьсгалын өөрчлөлтөд улам эмзэг болж байна.
Хүлэрт газрын тогтвортой байдлыг хангахад орон нутгийн иргэд, ялангуяа уламжлалт мал аж ахуй эрхэлдэг малчдын мэдлэг, байгальтай харьцах ур ухаан, туршлага нэн чухал болж байна. Иймд энэ өдрийг тохиолдуулан тухайн орон нутагт амьдарч буй ирээдүй хойч үеийнхэнд байгаль хамгаалах сэтгэлгээ, хандлагыг төлөвшүүлэх, хүлэрт газрын үнэ цэнийг таниулах зорилгоор сурагчдын дунд бүтээлч уралдаанууд зохион байгуулагдлаа.
БОУАӨЯ, УАӨСХАТ, Цаа буга маллагчдын олон улсын төв (ICR) хамтран, ДДБОС болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй "Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем болон нүүдлийн малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд дээрх уралдаан нь хүүхэд багачуудаас хүлэрт газрыг өөрсдийн нүдээр хэрхэн харж, түүний үнэ цэнийг хэрхэн мэдэрч, хамгаалах алхам хийж чадах талаарх сэтгэлгээ, төсөөллийг нь илэрхийлсэн чухал арга хэмжээ болж өнгөрлөө.
Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгуудын хүлэрт газартай сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 1–5-р ангийн сурагчдын дунд "Бидний нүдээр хүлэрт газар" гар зургийн уралдаан, 6–12-р ангийн сурагчдын дунд "Хүлэрт газрыг аврах миний алхам" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулагдаж, орон нутгийн олон хүүхэд идэвхтэй оролцсон.
Уралдаанд оролцсон хүүхэд багачуудын бүтээл нь байгаль хамгааллын сэтгэлгээ, хандлагыг гүнзгийрүүлж, тэдний дуу хоолой, төсөөлөл, санаачилгыг илэрхийлсэн чухал үйл явдал болсон бөгөөд бүтээлээрээ шалгарсан сурагчид өргөмжлөл, мөнгөн шагнал, оролцсон бүх хүүхдүүдэд дурсгалын зүйл гардуулсан нь тэдний хувьд мартагдашгүй урам өгсөн мөч байлаа. Хүүхэд багачуудын нүдээр хүлэрт газрын үнэ цэнийг харуулсан бүтээлүүд нь байгальд ээлтэй ирээдүйн үзэл санааг тээж байсанд уралдааны зохион байгуулагчид талархан онцолсон.
Архангай аймгийн оролцогчдоос зургийн уралдаанд 1-р байранд Өгийнуур сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Д.Янжинлхам, 2-р байранд Өгийнуур сумын 4а ангийн сурагч Х.Монголжин, 3-р байранд Өгийнуур сумын 3б ангийн сурагч Э.Нандинчимэг нар тус тус шагналт байранд шалгарав.
Архангай аймгаас уралдаанд оролцож буй сурагчид
Зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид
Эсээ бичлэгийн уралдаанд оролцож буй сурагчид
Зургийн уралдаанд оролцож буй хүүхдүүд
Булган аймгийн оролцогчдоос зургийн уралдааны 1-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч Ө.Энх-Амгалан, 2-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 2б ангийн сурагч Ч.Өнө-Орчлон, 3-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 3б ангийн сурагч Б.Шаарийбуу нар тус тус шагналт байр эзлэв. Эсээ бичлэгийн уралдааны 1-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Ө.Эгшиглэн, 2-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Э.Сугармаа, 3-р байранд Дашинчилэн сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч Б.Дэлгэрмаа нар шалгарлаа.
Хөвсгөл аймгийн оролцогчдоос зургийн уралдааны 1-р байранд Улаан-Уул сумын Төгөл 5-р баг, 5а ангийн сурагч Ц.Одсайхан, 2-р байранд Улаан-Уул сумын сумын ЕБС-ийн 5в ангийн сурагч Д.Цэлмүүн, 3-р байранд Ренчинлхүмбэ сумын Д.Жигжидийн нэрэмжит ЕБС-ийн 2а ангийн сурагч Д.Дүүрэнзаяа нар тус тус шагналт байр эзэлж, тусгай байранд Улаан-Уул сумын Ж.Нацагдоржийн нэрэмжит ЕБС-ийн 5б ангийн сурагч Б.Нандинзул болон Цагааннуур сумын ЕБС-ийн 5-р ангийн сурагч Э.Эгшиглэн нарыг шалгаруулав. Мөн эсээ бичлэгийн уралдааны 1-р байранд Цагааннуур сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч Ч.Энхжин , 2-р байранд Ренчинлхүмбэ сумын Д.Жигжидийн нэрэмжит ЕБС-ийн 10а ангийн сурагч Х.Нямдэлгэр, 3-р байранд Цагааннуур сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч О.Биндэръяа нар шалгарлаа.
Ренчинлхүмбэ сумаас оролцогчид
Зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид
Улаан-Уул сумаас оролцогчид
Зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид
Хэнтий аймгийн оролцогчдоос зургийн уралдааны 1-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч Э.Анар, 2-р байранд Баян-Адарга сумын 3а ангийн сурагч Б.Сондор, 3-р байранд Баян-Адарга сумын 4б ангийн сурагч Ө.Нинжин нар тус тус шагналт байр эзлэв. Эсээ бичлэгийн уралдааны 1-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч С.Есүй, 2-р байранд Баян-Адарга сумын ЕБС-ийн сурагч Э.Мишээл, 3-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 8б ангийн сурагч А.Намжилгарав нар шалгарлаа.
Хүлэрт газрын үнэ цэнийг хүүхдийн гэгээлэг, цэвэр харцаар тусгасан энэхүү уралдаан нь ирээдүйн байгаль хамгаалагчдыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Аймаг | Сум | Зургийн уралдаанд оролцогчдын тоо | Эсээ бичлэгийн уралдаанд оролцогчдын тоо | Уралдаанд оролцсон сургуулийн тоо |
---|---|---|---|---|
Хэнтий | Батширээт | 108 | 19 | 1 |
Баян-Адарга | 49 | 3 | 1 | |
Архангай | Өгийнуур | 57 | - | 1 |
Булган | Дашинчилэн | 80 | 17 | 1 |
Хөвсгөл | Улаан-Уул | 25 | - | 1 |
Ренчинлхүмбэ | 12 | 8 | 1 | |
Цагааннуур | 15 | 19 | 1 | |
Нийт оролцогчдын тоо | 346 | 66 | 7 |
"Дэлхийн Хүлэрт Газрын Өдөр"-ийг тохиолдуулан Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий аймгуудын хүлэрт газартай сумдын Ерөнхий боловсролын сургуулийн 1-5-р ангийн сурагчдын дунд "Бидний нүдээр хүлэрт газар" гар зургийн уралдаанд 346 хүүхэд, 6-12-р ангийн сурагчдын дунд "Хүлэрт газрыг аврах миний алхам" сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 66 хүүхэд буюу нийт 412 хүүхэд оролцлоо.